Д.Батлут: Алслагдсан бүсэд эрэлттэй эмч, багшаар ажиллавал цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцох эрхзүйн орчныг бүрдүүлнэ

Date:

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут алслагдсан бүсэд эрэлттэй эмч, багш зэрэг мэргэжлээр очиж ажиллавал цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцох эрхзүйн орчныг бүрдүүлж ажиллана гэв.
Тодруулбал, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2026 оны дөрөвдүгээр хуралдаанаар “Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэн дэмжлээ. Уг төслөөр одоо мөрдөгдөж буй хуулийн 60 орчим хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж, цэргийн албаны тогтолцоо, хүний нөөц, цэргийн цол, дүйцүүлэх алба, цэрэг татлагын зохион байгуулалтыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.
Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улс орны нийгмийн хэрэгцээ, тэр дундаа хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор иргэний цэргийн үүргийг хэрэгжүүлэх хэлбэрт дараах гол өөрчлөлтүүдийг тусгажээ.
• Алслагдсан бүс нутагт нийгмийн зайлшгүй хэрэгцээт багш, эмч зэрэг эрэлттэй мэргэжлээр очиж 3 жил ажилласан иргэдийг цэргийн дүйцүүлэх албыг хаасанд тооцох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
• Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаасан иргэд заавал цэргийн мэргэжлийн сургалтад хамрагддаг журамтай болно.
• “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын эрх зүйн зохицуулалтыг өргөжүүлж, уг хөтөлбөрт хамрагдах оюутанд хугацаат цэргийн алба хаагчтай адил байлдагч, ахлах байлдагч, дэд түрүүч цол олгохоор тусгасан
• Орон нутгийн онцлогт тохирсон “Малчин цэрэг” сургалтыг хэрэгжүүлэхээр тусгалаа.
• Гадаадын цэргийн мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг ажилласан жилд тооцож, цэргийн цол олгох нөхцөлийг бүрдүүлнэ.
• Мөн хуулийн төслөөр бидний нэрлэж заншсан “Төв дамжин” буюу цэрэг татлагын төв гэсэн шинэ бүтцийг хуульчилж, цэрэг татлага, эрүүл мэндийн үзлэг, цэргийн хуваарилалтыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгаад байна.
Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэж Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал дэвшүүлсэн юм.
Ингэснээр зөвлөлийн гишүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн үзэл баримтлалыг эцэслэн, холбогдох яамдаар батлуулах, цаашид Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтов.
Тус шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар цэргийн алба хаах эрх зүйн орчин боловсронгуй болж, цэрэг татлага, хуваарилалт, цэргийн цол, хяналтын тогтолцоо илүү тодорхой, улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...