Ж.Дуламсүрэн: Нөөцийн махыг эрт худалдаанд гаргаснаар үнийн хөөрөгдлөөс сэргийлнэ

Date:

Нийслэлд энэ сарын 20-ноос нөөцийн махыг  худалдаанд  гаргана. Үүнтэй холбоотой Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнтэй ярилцлаа. 

-Энэ онд хичнээн тонн мах нөөцөлсөн бэ?

-Нийслэлийн хүн амын 2026 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж 5016 тонн мах нөөцөлсөн. Үүнээс 60 хувьд буюу  3009 тонн хонины мах, 40 хувьд буюу 2006 тонн үхрийн махыг бэлтгэсэн байгаа.  Нөөцийн махыг энэ сарын 20-ноос 410 цэгээр дамжуулан худалдаална.

-Хэдэн компани бэлтгэн нийлүүлсэн бэ. Мах бэлтгэн нийлүүлэх компанид ямар шаардлага тавьдаг вэ?

-Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалтын ажлыг өнгөрсөн оны зургадугаар сараас эхлүүлсэн. Сонгон шалгаруулалтын хүрээнд манайд 15 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлсэн байдаг. Үүнээс есөн компани  арилжааны банктай хамтраад нөөцийн мах бэлтгэх үнийг хүлээн зөвшөөрч, оролцохоо илэрхийлсэн. Бусад аж ахуйн нэгж нь өөрийн саналаар нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээс татгалзсан.

-Энэ жил яагаад нэгдүгээр сараас нөөцийн махыг худалдаан гаргаж байна вэ?

-Нийслэлд махны үнэ өссөнтэй холбоотой болон Цагаан сарын бэлтгэл ажлын хүрээнд нөөцийн махыг худалдаалах  Засгийн газрын шийдвэр гарсан. Мөн нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ноос худалдаанд гаргахаар болсон.

-Өнгөрсөн оноос нийслэлд  малчдын гараас мах худалдаалах цэгүүд нээгдсэн. Гэтэл яагаад махны үнэ улам өсөх хандлагатай байна. Үүний цаад шалтгааныг та бүхэн хэрхэн харж байна вэ?

-2025 оны нэгдүгээр сарын 10-нд нийслэлд 800-гаад тонн мах орж ирсэн байлаа. Гэтэл өмнөх онтой харьцуулахад 2026 оны нэгдүгээр сарын 10-ны байдлаар 400 гаруй тонн мах орж ирсэн үзүүлэлт гарсан. Ингээд нийслэлд махны нийлүүлэлт багасаж, эрэлт ихэссэнээр үнэ өссөн гэж бид үзэж байна.

Нийслэлд малчдын гараас мах худалдаалах хэд хэдэн цэг нээгдсэн. Бид хяналт шалгалт явуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсний үр дүнд Улаанбаатар хотод 17 цэг нээгдсэн. Гэвч дээр дурдсан нөхцөл байдлын улмаас орон нутгийн малчдаас мах орж ирэх нь багассан учраас өнөөдрийн байдлаар 8-10 орчим зах нь үйл  ажиллагаа явуулж байна.

Мөн өнгөрсөн жил  экспортод 85 мянган тонн мах экспортолсон гэсэн мэдээ бий. Энэ нь өмнөх онуудаасаа хамгийн их хэмжээгээр экспортолсон дүн.  Тийм учраас экспортоо дагаад хүн амд хүрэх махны нийлүүлэлт багассан гэж ойлгож болно.

-Нөөцийн мах кг нь ямар үнэтэй худалдаанд гарах вэ?

-Энэ жил нөөцийн хонины мах нэг килограмм нь 13 мянган төгрөг, үхрийн мах 15 мянган төгрөгийн ханштай худалдаалагдана. Өнөөдрийн байдлаар “Хүчит шонхор” зах дээр малчдаас ирж байгаа хонины махны бөөний үнэ килограмм нь 14 мянган төгрөг байна. Жижиглэнгээр буюу лангуун дээр худалдаалах нэг килограмм хонины ястай мах 16 мянган төгрөгөөс дээш ханштай байгаа. Орон нутгаас нэг килограмм үхрийн махыг 16 мянган төгрөгийн ханштай худалдаалахаар оруулж ирж байна. Харин жижиглэнгийн худалдаанд нэг килограмм ястай үхрийн мах 20-28 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Тийм учраас манайх нөөцийн махыг тухайн жилийнхээ зах зээлийн үнэ ханшнаас 25-30 хувиар багаар тооцоолж худалдаанд гаргадаг.

Мөн бэлтгэн нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал шингэх ёстой байдаг. Энэ жилийн тухайд Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааны зардлын зөрүү олгоогүй. Зөвхөн арилжааны банкнаас авч байгаа зээлийг 12 хувь буюу Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан хотоос зээлийн дэмжлэг үзүүлсэн. Аж ахуйн нэгжүүд зургаан хувийн төлөлтийг хийх гэрээ байгуулагдсан.

Бэлтгэн нийлүүлэгч компаниуд үйл ажиллагааны зардлын зөрүүнд  нэг килограм мах тутамд 3000-3500 төгрөгийн зардал гардаг. Үүнд гүн хөргүүртэй агуулахын цахилгааны төлбөр, ажилчдын цалин, хөрөө, тоног төхөөрөмж, уут савлагаа, шатахуун багтдаг. Энэ жил шатахууны хомсдолтой холбоотой нийслэлд махны нийлүүлэлт өнгөрсөн оны сүүлчээс багассан үзүүлэлт гарсан.

-Нөөцийн мах худалдаанд гарснаар зах зээлийн үнэ нь буурах болов уу?

Ер нь жил бүрийн 1-2 дугаар сард махны үнэ өссөн үзүүлэлт гардаг. Энэ нь жилийн тухайд нөөцийн махыг худалдаанд маш эрт гаргаж байна.

Өмнөх жилүүдэд бид нөөцийн махыг тухайн жилийнхээ гуравдугаар сараас худалдаанд гаргахаар төлөвлөж ажилладаг. Тиймээс энэ жил нэгдүгээр сард нөөцийг махыг худалдаанд гаргаснаар ченжүүдийн агуулах, зоорьт хураасан мах болон бусад зүйл дагаад үнийн өсөлт нь буурна. Тиймээс энэ арга хэмжээг махны үнэ буурахад нөлөөлнө гэж үзэж байгаа.

-Хавар хүртэл худалдаалахад хүрэлцэх үү?

-2025 оны статистик мэдээллээр нийслэлийн хүн ам  1.7 саяд хүрсэн. Нийслэлийн хүн амын зорилтот зах зээл болох 25 хувийг нөөцийн махаар хангахаар тооцож 5016 тонн мах нөөцөлсөн. Үүнээс нөөцийн махны жижиглэнгийн худалдаа ирэх зургадугаар сарын 1 хүртэл хангалттай хүрэлцээтэй. Бид махны нөөц, зах зээлийн үнийн  өсөлттэй уялдуулаад  өргөтгөсөн худалдаа гаргадаг.

Н.Энхлэн

Эх сурвалж: “Монголын үнэн” сонины №002/24677/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Улаанбаатарт зөөлөн салхитай, -8-10 хэм хүйтэн байна

Улаанбаатар хот орчмоор, их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө...

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт шилжүүлж дуусгана гэв

2025 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнгөрсөн долоо...

ДӨРГҮЙ БУХ ШИГ Ц.ДАВААСҮРЭН…

Одоогоос найман жилийн өмнө Улаанбаатар хотын утаа гамшиг болж...