Ховдод гарсан түймэрт мэргэжлийн ангийн нэг алба хаагч амиа алджээ

Date:

Хаврын хуурайшилт эхэлж, салхи шуурга ихэссэнтэй холбоотойгоор ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байна.

Тодруулбал, Сэлэнгэ, Дорнод, Ховд аймагт гуравдугаар сарын 23-ны өдөр ой, хээрийн түймрийн дуудлагууд бүртгэгджээ. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн Шоргоолж гэх газарт гарсан ойн түймрийн дуудлагыг 13:20 цагт хүлээн авч, Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангийнхан ажилласан байна.

Алба хаагчдыг очиход мод бэлтгэлийн 18 хүн, гурван автомашин, хоёр трактортойгоор унтраах ажиллагаа явуулж, өчигдөр 22:26 цагт түймрийг цурамд оруулжээ. Урьдчилсан байдлаар 6 га орчим талбай шатсан байна. Мөн Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн нэгдүгээр багийн Баянгол гэх газарт гарсан хээрийн түймрийн дуудлагыг 15:00 цагт хүлээн авч, орон нутгийн мэргэжлийн ангийнхан болон иргэд ажиллаж бүрэн унтраажээ.

Түүнчлэн Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн Дэнж гэх газарт, Дөргөн нуурын аралд зэгс шатаж байна гэсэн дуудлага мөн өдрийн 17:30 цагт иржээ. Тус түймрийг унтраахаар Онцгой байдлын 48 дугаар анги, Дөргөн, Чандмань сумдын мэргэжлийн ангийнхан, цагдаагийн алба хаагчид болон иргэд нийлсэн нийт 95 хүн, 15 автомашинтайгаар ажиллаж байгаа аж. Уг түймрийг унтраах үеэр сумын мэргэжлийн ангийн нэг алба хаагч үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан байна.

ОБЕГ-ын хэлтсийн дарга Л.Соронзонболд “Он гарснаас хойш Архангай аймаг, Хөвсгөл аймаг, Хэнтий аймаг, Дорнод аймаг, Сэлэнгэ аймаг, Ховд аймагт нийт долоон удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг бүрэн унтраасан. Ховд аймгийн Дөргөн, Чандмань сумдын заагт гарсан түймрийг унтраахаар алба хаагчид ажиллаж байна. Нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүлгүй болж, сүүлийн өдрүүдэд дулаарсантай холбоотойгоор хуурайшилт эрс нэмэгдсэн. Зарим бүс нутагт, тухайлбал Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд цастай хэдий ч хөвд, хаг шатах нөхцөл бүрдсэн нь түймрийн тархалтыг нэмэгдүүлсэн. Түймрийн шалтгаан нөхцөл одоогоор тодорхойлогдоогүй. Иргэд, малчдыг ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхины ишийг бүрэн унтраах, ой, хээрийн бүсэд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна” гэлээ.

Мэдээллийн эх сурвалж: news.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын...

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх...

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...