Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай өнөөдөр /2026.3.23/ Туулын хурдны замтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Туул хурдны замын төв хэсгийн 7.2 километр нь зургаан эгнээ бүхий гүүрэн байгууламж байхаар төлөвлөгдсөн. Энэ нь Олимпын болон Маршлын гүүрний дайтай бүтээн байгуулалт болох юм. Олимпын гүүрний 1 км замын өртөг 120 тэрбум төгрөг байсантай харьцуулахад энэхүү төсөл нь үндэсний норм стандартад нийцсэн бодит өртөгтэй юм. Чанарын хувьд ердийн замын асфальт 10 см байдаг бол уг хурдны замыг 18 см-ийн гурван үе зузаантай хийж, Азийн хурдны замын стандартад нийцүүлэн насжилтыг уртасгасан. Гэрлэн дохиогүй, уулзваргүйгээр төлөвлөгдсөн тул автомашин 168 км/ц хүртэл хурдлах боломжтой, Монголдоо анхдагч орчин үеийн хурдны зам болох юм.
Дэлхийн улс орнуудын дэд бүтцийн хөгжил гол мөрнөө түшиглэн хөгжиж ирсэн жишигтэй. Бид энэхүү олон улсын туршлагыг баримтлан Туул гол дагуух хурдны замын төслийг хэрэгжүүлж байна. Төслийн төсөвт өртгийг олон улсын стандарттай харьцуулахад харьцангуй бага зардлаар, бодитой баталсан бөгөөд энэ нь огт өндөр өртөгт тооцогдохгүй юм. Гэсэн хэдий ч цаашид зах зээл дээрх үнийн өсөлтөөс үүдэж болох эрсдэлийг бид тооцож, анхааралдаа авч байна.
Туул болон Сэлбэ голын усны түвшин 1950-иад онтой харьцуулахад эрс татарсан байна. Тухайлбал, 1966-1968 оны их үерээс хойш голын голдиролд их хэмжээний лаг шавар хуримтлагдаж, зарим хэсэгтээ 7 метр хүртэл зузаарсан нь гол эргээ давж халих үндсэн шалтгаан болж байна. Олон улсын жишигт хотын төвөөр урсаж буй гол, үерийн сувгийн лаг хагшаасыг тогтмол цэвэрлэж, менежмент хийдэг бол манай улсын хувьд сүүлийн 20 гаруй жил энэ бодлого орхигджээ. Үүний улмаас Туул, Дунд, Сэлбэ голууд лагт боогдон голдирол нь өөрчлөгдсөн. Мөн лаг шавар дээр бургас маш хурдан хугацаанд буюу 5-6 жилийн дотор дахин ургадаг.
Монгол Улсын хэмжээнд ойн бодлого болон голын нэгдсэн менежмент алдагдсан.

